Орчин үеийн имплантын хөгжлийн тухай товчхон
Имплантын салбарыг өнгөрсөн зууны дунд үеэс эхлэл нь тавигдсан нүүр ам судлалын шинэ тутам хөгжиж буй салбар гэж үзэх нь бий. Гэвч имплант судлал нь нүүр ам судлалын шинжлэх ухаан дотроо 2-рт орох (1-рт шүд авах мэс засал) нэн эртнээс хөгжиж ирсэн салбар болохыг сүүлийн үеийн археологийн олдворууд нотолсоор байна.
Имплант судлал буюу эрүүний ясанд шүд суулгах оролдлогууд нь одоогоос хэдэн мянган жилийн өмнө ч хийгдэж байсан бөгөөд эртний Хятадын үеийн археологийн малтлагаар одоогоос 4000 жилийн өмнөх эрүүний ясанд яг одоогийн имплантын хэлбэртэй хулс зоож шүд нөхөн сэргээж байсан баримт олдоод байна. Европт эрүүний ясанд нь төмөр суулгасан гавлын ясан олдвор МЭӨ үед хамаардаг. Төв америкийн Инкуудын археологийн олдвор дотор орчин үеийн имплант мэт хэлбэртэй далайн яст мэлхийний хуягаар хийсэн хиймэл шүдний суулгац олдсон байна. Эндээс шүдийг хиймэл суулгацаар нөхөн сэргээх оролдлого нь маш эртнийх болох нь харагдаж байна.
Имплантын арай хожуу үеийн түүхийн эхлэлийг Maggiolo тавьсан бөгөөд 1809 онд шүдний сурвалжийн хэлбэртэй алтан суулгац ашигласан байна. Үүний дараа Harris тэргүүтэн бал чулуугаар бүрсэн цагаан алтан голонцортой шаазан шүд суулгасан тухай тэмдэглэж үлдээсэн байна.
1900-аад оны эхэн үед шүдний суулгацаар маш олон төрлийн материалыг туршиж үзсэн бөгөөд Lambotte нар хөнгөн цагаан, мөнгө, зэс, магни, алт, алт болон никелиэр бүрсэн зөөлөн төмөр зэрэг олон төрлийн материалаар хийсэн имплантыг туршиж байсан байна. Тэрээр эдгээр материалуудын зарим нэг нь амны хөндийн орчинд зэвэрч байсныг амны хөндийн бичил цахилгаан гүйдэлтэй холбоотой болохыг илрүүлсэн байна.
Хамгийн анхны шүдний сурвалжаас эрс ялгаатай имплантын дизайныг Greenfield 1909 онд гаргаж ирсэн бөгөөд имплант суулгацыг цагаан алт иридиумын хайлшаар хийсэн байна. Энэ нь мөн анхны хоёр биет имплант бөгөөд ясанд суух хэсэг болон abutment нь өөр хоорондоо салдаг байдлаар зохиомжлогдсон байна. Имплантыг ясанд суулгахдаа мөн анх удаа цлиндр хэлбэртэй өрөм ашигласан бөгөөд абатментийг имплант суулгаснаас хэдэн долоо хоногийн дараа зориулалтын шургаар боож бэхэлж өгдөг байсан байна. Тухайн үеийн баримтаас харахад энэ имплант нь бас муугүй амжилттай байжээ. Үүнээс хойш 75 жилийн дараа Европ тивд ITI компани, АНУ-д CoreVent компани энэхүү дизайны шийдлийг ашиглан имплант үйлдвэрлэх болсон юм.
Мэс засалд ашиглаж болох Кобальт Хром, Молибидений нийлмэл хайлшийг 1938 онд Strock анх удаа амны хөндийн имплант судлалд танилцуулсан бөгөөд хоншоорын хажуугийн үүдэн шүдэнд тус суулгацыг суулгасан нь 15 жил хүртэл хугацаанд оршин тогтсон байна.
Яс болон титаны хайлшийн хооронд үүсч байгаа холбоог анх bone fusing гэж нэрлэж байсан бөгөөд энэхүү үзэгдлийг 1940 онд Bothe болон түүний хамтрагчид бичиж үлдээсэн байдаг.
1946 онд Strock анхны титанан имплантыг бүтээсэн бөгөөд энэ нь 2 шураг хэлбэртэй 2 биет имплант байсан байна. Имплантыг ясанд зоосны дараа бүрэн ястай барьцалдаж бороолмогц абатментийг суулгаж бүрээсийг хийдэг байсан нь орчин үеийн имплантын адил юм. Strock болон түүний хамтрагчид титан болон ясны хооронд үүсч буй холбоог ankylosis гэж нэрлэсэн байна. Анхны submerged implant-ийг имплантын түүхэнд анх Strock суулгасан бөгөөд уг имплант 40 жилийн турш үүргээ гүйцэтгэсэн байна.
1952 онд Brånemark ясны бороололтын бичил эргэлтийн нэлээд өргөн хүрээний туршилт судалгааг эхлүүлсэн байна. 1960-аад оны эхэн үеэс уг судалгаа имплантын салбарлуу орсон бөгөөд 10 жилийн турш нохойн дээр суулгасан имплант суулгацад хатуу болон зөөлөн эдийн зүгээс ямар нэг сөрөг урвал үзүүлээгүй болохыг тамдэглэсэн байдаг. 1965 онд уг судалгаа хүн дээр шилжсэн бөгөөд 10 жилийн хугацаанд ажигласнаар судалгааны үр дүнг 1977 онд нийтлүүлсэн байна. Энэ судалгаандаа Brånemark анх имплантын гадаргуу болон ясны хооронд үүсэх холбоог гэрлийн микроскопын түвшинд илрүүлж түүндээ “osseointegration” хэмээх нэр томьёог ашигласан байна.
Bone fusing, ankylosis болон osseointegration зэргийг эхлээд гэрлийн микроскопоор ажиглагдах бичил түвшинд ашигладаг байсан бол өнөөдөр osseointegration нэр томьёог зөвхөн бичил түвшинд бус эмнэлзүйн тохиолдолд rigid fixation-ы эмнэлзүйн төлөв байдлаар ашиглаж байна. Rigid fixation гэдэг нь 1 -ээс 500 g хүчээр үйлчлэхэд ямар нэг хөдөлгөөн ажиглагдахгүй байгааг илэрхийлсэн эмнэлзүйн нэр томьёо юм.
Brånemark цаашид osseointegration-ий концепцоо үргэлжлүүлэн судлаж хатуу болон зөөлөн эдийн эдгэрэлтийн процесс, мэс заслын аргачлал болон ясны нөхөн төлжих физиологи зэргийг эмнэлзүйн тохиолдлууд дээр бүх шатанд баримтжуулан нийтлүүсэн нь Brånemark’s laboratory-оос өмнө имплантын салбарт байгаагүй шинэлэг зүйл болсон юм.
Comments
Post a Comment